Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл…
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл……Хөгжил……чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр…
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүгнэлт
Өнгөрсөн хэдхэн жилийн дотор энэ жижиг боомт үнэхээр их өөрчлөгдсөн.
Бөглүүхэн жижиг суурингаас аж үйлдвэрийн том хот болтлоо хөгжсөн энэ
газрыг зорьсон эх газрын мянга мянган ажилчин тариачны цуваа үл тасрах
ажээ. Энэ бол яах аргагүй 18 дугаар зууны сүүлчээр Английн Манчестерт
болсон аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеийн дүр зураг юм. Технологи,
машин механизмын шинэчлэл хийгдэх болсноор газар тариалан эрхлэлт асар
их хөнгөвчлөгдөн, улмаар хөдөө тосгонд сул хөдөлмөрийн хүчин болж
хоцорсон тариачид амин зуулгаа залгуулахаар хот сууринг бараадацгаана.
Тэд нүүрсний уурхай, оёдлын үйлдвэр болон бусад төрлийн компаниудад
хөлсний ажилчин болно. За, чухамдаа Английн эдийн засаг ингэж л босч
ирсэн юм. Аж үйлдвэрийн хувьсгалын дараах хэдэн арван жилийн турш тэд л
дэлхийн эдийн засагт ноёлох хүчин болж байсан.
Хоёр зууны дараа дээрхтэй адил тохиолдол Английн колони байсан Хонг
Конгийн бөөрөнд орших Шэнь Жэньд болж байна. Шэнь Жэнь 20 дугаар зууны
эцэс хүртэл Жю Лун (九龙半岛) арлын эргийн нэг хөгжил муутай жижигхэн
тосгон байсан. 1979 оноос Мао Зэдуны залгамжлагч Дэн Сиаопин Бээжинд
хувьсгал эхлүүлэхдээ Шэнь Жэньд 18 дугаар зууны Англид байсантай төстэй
механизм ажиллуулж эхэлсэн. Засгийн газар газар тариаланг чөлөөлж,
"Эдийн засгийн онцгой бүс”-үүдийг (тэдний нэг нь Шэнь Жень) байгуулж,
хувийн бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийн компаниудыг чөлөөт
үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжийг олгох болсон. Чухам энэ нь Хятад
өндөрт хөөрөхөөр бэлдэж байна гэсэн дохиог дэлхий нийтэд өгсөн юм.
Тариаланчдын хоршоолол, хамтралууд задарч татан буугдсан нь газар
тариалангийн хөгжлийг шинэ шатанд хүргэж, үйлдвэрлэлийн үр ашиг хийгээд
бүтээгдэхүүний гарцыг асар их нэмэгдүүлсэн. Чухам иймээс сул
хөдөлмөрийн хүчин бий болж, хөдөө тосгонд газар тариалангаас өөр
үйлдвэрлэл явуулах боломж хомс тул тэд аргагүйн эрхэнд хот суурин
бараадаж (Хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын нүүдэл үүнээс бий
болсон), гар урлал, оёдлын хийгээд бусад үйлдвэрүүдэд ажиллах болсон.
Эдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь Хонг Конг, Тайвань болон Сингапурын
баячуудын барьж байгуулсан шинэхэн үйлдвэрүүд байлаа (Ингэж л аж
үйлдвэржилт бий болсон). Хөдөө тосгон ч тэр хот суурин ч тэр илүү олон
тооны, илүү чанар сайтай бүтээгдэхүүн гаргах болж, ард иргэд хотын
хөгжлөөс ашиг хүртэж (Энэ бол хотжилт), тэдний амьжиргааны түвшин
дээшилж, амьдралын чанар сайжирсан. Хуучин муу арьсаа гээж, шинэ ганган
арьсаа гайхуулах эх могой шиг л, Хятад энэ хувьсгалаар эдийн засгийг
нь 30 жилийн турш хүлж боомилж байсан төвлөрсөн төлөвлөгөөт систем
хэмээх урт бөх олсыг нэг мөр тас татан хаяж, эдийн засгаа чөлөөлсөн. 25
жил буюу 1/4 зууны охор богино хугацаанд Хятадад үнэхээр могойн арьс
гуужих бүхэл бүтэн процесс явагдсан. Эхлээд тэнд аж үйлдвэрийн хувьсгал
болж, харин дараа нь дунд хөрөнгөтний давхрага бий болж, хүмүүс
нийтээр баяжиж эхэлсэн.
Шэнь Жэнь бол энэ хувьсгалын бэлэг тэмдэг. Ердөө 25-хан жилийн дотор
шүү дээ. Тэд дундад зуунаас 21 дүгээр зуун руу нэг алхаад л шууд хүрээд
ирсэн.
1980 онд Шэнь Жэний хүн ам 30.000 байсан
бол 2004 онд энэ тоо 6 саяаас хол давсан байлаа. Өнгөрсний жижиг тосгон
өнөөгийн том хот болтол хөгжжээ. Урьд нь нүдэнд үл өртдөг байсан
дэндүү царай муутай жижиг талбай өнөөдөр Калифорни маягийн худалдааны
төвүүд, их сургуулийн цогцолборуудаар дүүрчээ. Өмнө нь цагаан будаа л
худалдаалдаг байсан жижиг мухлагийн оронд харин одоо Биотехнологи
мэдээлэл судалгааны төв сүндэрлэн байна. Хятадад Шэнь Жэньтэй адил
хотууд мэдээж олон биш, гэхдээ л хотуудын хөгжил илэрхий хурдан байгаа
нь дэндүү анхаарал татам. Аж үйлдвэрийн хувьсгал Хятадын бүх нутаг
дэвсгэр рүү цар хүрээгээ тэлэн өрнөсөөр л. Түүний тэлэлтийн хурд хоёр
зууны тэртээх Англи, 19 дүгээр зууны Америкийнхаас тасархай өндөр
байна. Энэ хувьсгал Хятадын зүүн хойд болон зүүн бүсийн далайн эргийн
муж хотуудыг дайраад, өдгөө баруун бүсийн эх газар руу чиглэн айсуй.
Өдөөдөр Шэнь Жень, Шанхай, Гуан жоү, Чиндао-ын хөгжил цэцэглэлт
Барууныхны ч нүдийг бөлтийлгөж, амыг ангайлгаж байна. Энэ чинь арай
Бээжингийн санаачилсан ов мэх юм биш биз? Хятадад аж үйлдвэрийн
хувьсгал өрнөж буй мэтээр харуулах гэж зориуд бэлтгэсэн "Гоё баглаа
боодол”-ын арга юм биш биз? Үнэндээ түүхийн өнгөрсөн цаг хугацаанд ийм
башир аргыг Зөвлөлт холбоот улс болон түүний дагуул улсууд ашиглаж
байсан удаатай. Түүнийг нь хамгийн түрүүнд олж харсан хүмүүсийн нэг нь
Белгийн зураач, зохиолч Georges Prosper Remi (Уран бүтээлийн нэр нь
Hergé. "The Adventures of Tintin” нэртэй коммикс номын цувралууд нь маш
алдартай) байсан юм. Тэрээр "Зөвлөлт холбоот улс дахь Тинтиний аялал”
(Tintin in the Land of the Soviets) номондоо Кремлийн ордонгоос гаргаж
байгаа статистик тоо баримтууд бодот байдлаас хол зөрүүтэй байгаа тухай
өгүүлсэн байдаг. 20 дугаар зууны 90 оны эхээр үнэний хөшиг нээгдэж,
зүүн Европын улс орнуудын нийтэлж байсан статистик, тоон үзүүлэлтүүд
бүгд худал хоосон болохыг батлан харуулсан юм. Тэдний дундаас Зүүн
Германы статистик бодот байдалтайгаа хамгийн цочирдом их зөрүүтэй
байсан. Баруун Герман асар өндөр төлөөс өгч байж түүнийг мэдсэн байдаг.
Тинтиний аялал Хятадаар ч бас дайраагүй биш дайрсан (Hergé "Тинтиний
аялал Төвдөд”, "Цэнхэр лянхуа” зэрэг бүтээл хэвлүүлж байсан). Тэр
Хятадын албаны статистикийн тухай дурдаагүй л дээ. Гэхдээ хятад үсэг
буюу ханзаар бичсэн тоон үзүүлэлтүүдийг ром тоонд буулгахад хэлний
бэрхшээл асар их байдгийг амль ч орны ямар ч судлаачид дуугүй хүлээн
зөвшөөрнө. Түүнчлэн Хятадад хичнээн таатай ханддаг судлаач, ажиглагч
байлаа ч гэсэн Бээжингийн нийтэлсэн албаны мэдээ баримтуудад нилээд
эргэлздэг гэдэг нь нууц биш. Тухайлбал, 20 дугаар зууны 90 оны дунд үед,
Хятадын тариалангийн талбайн хэмжээ тэдний албаны мэдээлснээс даруй
30% бага байсныг Америкийн сансрын хиймэл дагуул илрүүлсэн юм. 90 оны
сүүлийн хагаст мэргэжилтнүүд дахин нэг хачирхалтай бөгөөд толгой
эргүүлсэн асуудал илрүүллээ. Энэ нь Хятадын ДНБ-ий жилийн дундаж өсөлт
9% байна гэж Хятадын албаны эх сурвалж мэдээлсэн боловч тэдний эрчим
хүчний хэрэглээ бараг өсөөгүй байсан явдал юм. Үүнийг чухам юу гэж
ойлгож, яаж тайлбарлах ёстойг бурхан мэдэх байх. Гэтэл 2000 оноос хойш,
дээрх байдал яг урвуугаа эргэх болж, мэргэжилтнүүдийн анхаарлыг бас л
татаж эхэллээ. Хятадын ДНБ-ийн дундаж өсөлт 9% -аа хадгалсаар байсан
авч, тэдний эрчим хүчний жилийн дундаж хэрэглээ 15% болтлоо огцом өслөө.
За ингээд энэ мэт зөрчилдөөнтэй, маргаантай асуудал одоо ч байсаар л
байгаа юм даа.
Иймээс Хятадын албаны мэдээ, статистик бодот байдал, үнэнд нийцэхгүй
байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь бас бодот шалтгаантай. Хятадын эдийн
засаг хурдтай хөгжиж байгаа нь үнэн боловч Хятад дэлхийн ядуу буурай
орны нэг хэвээрээ л байна. Бусад хөгжиж буй оронтой харьцуулахад
Бээжингийн статистикт ашиглаж байгаа технологи харьцангуй дэвшилтэтэд
тооцогдох ч Хятад улс статистикийн салбартаа их хэмжээний хөрөнгө
оруулалт, технологийн шинэчлэл, хүний нөөцийн шилдэг менежмэнт зэргийг
хийж чадна гэж найдах хэрэггүй л болов уу. Дээрээс нь Хятад улс
Францаас бараг 20 дахин том газар нутагтай. Зөвхөн нутаг дэвсгэрийн
хэмжээний хувьд авч үзэхэд л энэ нь статистикийн ажилд хичнээн их
хүндрэл учруулдаг болох нь тодорхой.
Гэвч гол бэрхшээлүүд Хятадад ид хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлүүдээс
урган гарч байна. Францын, Америкийн, Хятадын гэдгээс үл хамааран
статистикчид урт хугацааны тогтмол тооцоо судалгаа, тоо баримтыг
төвөггүй гаргаад байж чадна. Гэтэл гэнэтийн огцом өөрчлөлтүүдийг зөв
тооцоолж, оновчтой үнэлэх нь хэнд ч тийм хялбар биш. Хятад одоо яг тийм
л гэнэтийн огцом хувирал өөрчлөлтүүдийг туулж байна. Хуучны төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засаг гэгч нь тоо хэмжээгээр нийгмийн ахуй амьдралыг
тооцоолоод дэндүү их дасчихсан байсан (Тэдэн тонн буудай, тэдэн
километр зам гэх мэт ). Одоогийн эдийн засагт бүнийг үнээр тооцоолдог.
Үнийг өнөө төв засгийн газрын тогтоолоор биш харин задгай, бутархай,
хөвөгч зах зээл тогтооно. Статистикийн үзүүлэлтүүд өмнө нь цөөн хэдэн
улс төрчдийн шийдвэрээс хамаардаг байсан бол харин одоо улам бүр бие
даан хараат бус ажиллах болсон олон тооны зууч байгууллагууд, тухайлбал
хувийн, олон нийтийн, албаны, дотоодын гадаадын гээд олон төрлийн
байгууллагуудаар дамжин нийтлэгдэх болсон. Аж үйлдвэрийн хувьсгал
статистикийн уламжлалт арга ажиллагааг шинэ танихгүй орчин буюу шинээр
хөгжиж буй аж үйлдвэр, хувь хүн компани үзүүлэх үйлчилгээ, биет бус
үйлдвэрлэл зэрэгт татан оруулж дөнгөсөн юм.
Шинэ дэвшилтэт технологийн гачигдал болон шилжилтийн үеийн элдэв
бэрхшээлээс гадна Хятадын статистик бас нэг жаахан системийн гажуутай.
Улс төрийн эрх мэдэл харьцангуй төвлөрлөсөн ийм системд статистик тоон
үзүүлэлтүүд улс төрийн зэвсгийн үүрэг ихтэй байдаг юм. Улсын, мужийн,
хотын болон бүх шатны улсын байгууллага пүүс компаниудын хувьд төрөөс
шагнал шийтгэл хүртэх эсэх нь улсаас төлөвлөн тогтоосон зорилтуудыг
хэрхэн биелүүлсэн байдлаас ихээхэн шалтгаалдаг. Тийм учир хяналтын
систем төгөлдөржөөгүй хийгээд бүх шатны засаг захиргааны
байгууллагуудын үйл ажиллагаа тодорхой биш, бүрхэг байх нь бий. Ямар нэг
төсөл төлөвлөгөө боловсруулах болоход албан тушаалтнууд өөрийн нөөц
боломжоо зориуд доогуур үнэлдэг. Дараа нь ажлаа дүгнэж тайлагнахдаа илүү
их магтаал сайшаал хүртэх гэсэндээ тэд үргэлж "Төлөвлөснөө давуулан
биелүүлсэн” гэж хэлдэг. Ер нь энэ асуудал бол бүхэл системийнх нь
асуудал л даа.
Хэрэв Тинтин өнөөгийн Хятадад ирсэн бол Бээжингээс гадаад улс орон,
дэлхий нийтэд нийтэлж байгаа статистик тоон үзүүлэлтүүдийн тухай
хамаагүй дэлстүүлж сийгэхгүй байсан байх. Учир нь тухайн үеийн Зөвлөлт
холбооны улс болон түүний дагуул Зүүн Европын улс орнуудтай
харьцуулахад Хятад гадаад зах зээлд хамаагүй их нээлтэй. Хятад 2001 оны
12 сард Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноороо үүнийгээ бүрэн
баталсан (Оросын холбооны улс 2009 оны 10 сар хүртэл Дэлхийн худалдааны
байгууллагад элсээгүй хэвээр байна. Жич: Дээрх оныг орчуулагчийн
зүгээс шинэчлэн оруулав).
Хятад дэлхийн эдийн засагт нөлөөллөө нэмэхийг эрмэлзэж, дэлхийтэй улам
олон төрлийн харилцаа тогтоох болсон нь эргээд Хятадыг өөрийн бодот
байдлаа үнэн зөвөөр гаргаж тайлаглахыг улам бүр шаардаж байна.
Тухайлбал, экспорт импортын асуудал Хятадын хувьд мэдээж улам л чухлаар
хөндөгдөж байгаа. Хэрэв бидэнд Хятадын гадаад худалдааг ойлгож мэдэх
шаардлага гарвал Хятадтай худалдааны түншлэл бүхий улс орнуудын гаалийн
статистик үзүүлэлтүүдийг шалгаад харчихад л хангалттай. Гэвч Хятадын
албаны тоо баримтуудад гуйвуулсан зүйл байж болзошгүй гэж эргэлзэх чинь
зөв ч гэлээ, "Арьс нь гуужсан могой” ——хурдацтай өндрөө аван хөөрч
байгаа Хятадын эдийн засгийн эргэлзээтэй байдлууд аажмаар багасч байна.
Цаашид ч багасах ёстой. эх сурвалж: erdenesubd.wordpress.com
|