7:52 PM Хонг Конг оршил | |
Хятадууд 1842 онд Нанжиний гэрээгээр Хонкон хэмээх "Үр ашиггүй чулууг
англичуудад өгөхдөө шар үстэй бүдүүлэгчүүд чухам ямар чулуу болгон
хувиргахыг төсөөлөхгүй байсан биз ээ." Англичууд 1839-1842 онуудад Хятадтай хийсэн "хар тамхины анхдугаар дайн"-ы үеэр Хонконгийг эзлэжээ. Английн алдарт дипломатч, лорд Макартней 1793 онд Засгийи газрынхаа даалгавраар Өмнөд Хятадын эрэг орчмын арлыг худалдан авах ажлаар ирж байв. Тэрбээр Хятадын Цянь-лун хаантай уулзаж "английн бэхлэлт байгуулахад зориулж ямар нэгэн арал өгөх"-ийг гуйхад цаадуул нь эрс татгалзжээ. "Хар тамхины анхдугаар дайн"-ы үед хятадууд Гуанчжоу дахь хар тамхийг нь хураах, устгах замаар бенгалийн хар тамхийг улс оронд нь зөөн оруулахыг хориглосныг, англичууд ашиг сонирхлыг нь хөндлөө гэж үзэж Өмнөд Хятадын нутгийн эрэг дээрх арлыг мөнхийн өмч болгон шилжүүлэн өгөх тулган шаардлагыг Хятадын хаанд тавьжээ. Тэгээд англичууд Янцзы голын адаг хавьд байрлуулсан усан цэргийн флотоо хөдөлгөж эрт дээр үеэс загас барих, далайн дээрэм хийх ажил эрхэлсээр ирсэн 6 мянга орчим хүн оршин суудаг Хонконг арлыг байлдан эзлэжээ. Хятадын хаан буулт хийж 1842 онд Нанжиний гэрээгээр Сянган (Хонконгийн хятад нэр) арлыг Их Британий өмчлөлд шилжүүлжээ. Сянган гэдэг нь "анхилуун үнэртний усан боомт" гэдэг утгатай ч энэ нэр хэрхэн үүссэн тухай маргаан одоо ч үргэлжилсээр байна. Чухамдаа Нанжиний гэрээ байгуулагдсан үеэс Хонконгийн түүх эхлэсэн гэдэг билээ. Гэтэл Англичуудад нэг арал авсан нь багадаж "хар тамхины хоёрдугаар дайн"-ы (1856-1860) үед Хонконгийн арлаас хоолойгоор тусгаарлагддаг Коулун хагас арлын хэсгийг мөн эзлэжээ. Коулун хагас аралд залгаа хуурай газар болох "шинэ газар нутгийг" зуун жилийн хугацаагаар түрээслэн авсан 1898 онд Хонконг өнөөгийн хил хязгаар тогтжээ. Энэ "шинэ газар нутаг" нь Хонконг, хуучин Коулуны газар нутгаас арав дахин илүү байв. Гадаадын компаниуд валютын болон худалдааны гэрээ тэрчилэн хямд ажиллах хүчний ачаар Хонконг алтан ёроол болжээ. Гадаадын пүүсүүд жил бүр Хонконгоос 500 сая ам.долларын цэвэр ашиг олж байсан тухай албан ёсны мэдээлэлд дурдсан байдаг, Хонконг ганц ч өрсөлдөгчгүй худалдааны диваажин байв. Гаалийн татваргүй байсан тул гэрэл зургийн аппаратыг Гамбургаас хямд, японы техникийг Японоос хямд, швейцарын бугуйн цагийгЖеневээс хямд зарах бололцоо олгож байв. Хятадын нэгэн улс төрийн зүтгэлтэн "Бид хоосон хад алдаад алтан уул буцаан авлаа." гэж бахархан өгүүлж байв. Хонконг орчин үеийн хот атугай ч дорно зүгийн чамин байдал нь жуулчид, гийчдийн шохоорхлыг татсаар байна. Арал дээр тоймгүй олон үндэстэн ястны, янз бүрийн шашин шүтлэг, зан заншилтай хүмүүс оршин суудаг ч хүн амын дийлэнх буюу 98 хувь нь хятадууд ажээ. Хэдэн арван мянган даньцзя буюу "усны хүмүүс" жонк буюу сампангийг (төрөл бүрийн завиуд) гэр орноо гэж үзэж өнөөг хүртэл амьдран суусаар байна. "Усны хүмүүс" түүхийн аль цагт бий болсныг бүү мэд гэхдээ эрэг дээр оршин суудаг хүмүүс тэдэнд эрт дээр үеэс үл итгэдэг ажээ. Бүр 1729 онд хятадын хаан зарлиг гаргаж Гуандун мужийн оршин суугчдыг "усны хүмүүс"-т нөхөрсөгөөр хандаж байхыг даалгаж байжээ. Эртний домгоор, "усны хүмүүс" хөлдөө зургаан хуруутай, "ногоон нүд"-ээрээ тэнгист хөвж яваа лууг хүртэл харж чаддаг ажээ. "Усны хүмүүс" үргэлж халаас хоосон, татвар хураамжаа дандаа өндгөөр барагдуулдаг тул хуурай газрын хүмүүс тэднийг "танкууд" ("өндөгний хүмүүс") басамжлан нэрлэдэг байна. Хонконг, Коулун хагас арал дээр уран барилгын ямар ч дэг, хийцгүй олон тооны хөвдөг хотхон, тосгон шавааралдан оршино. Усан дээр барьсан хотхон, тосгон тэнгисийн давалгааны аясаар найгаж хөвдөг гудамж, догол гудамж нь мөн адил өөрчлөгдөнө. Тэнгисийн булангийн эрэг дагуу зангуугаа хаясан жонк завиуд будлим гудамж, догол гудамж үүсгэж хүнс, шуудангийн гэх зэрэг олон зориулалтын сэлүүрт болон хөдөлгүүрт завиуд ямар ч саадгүй сүлжин хөлхөлдөх нь их сонин. Эдгээр хотхон, тосгон цөмөөрөө нэртэй ба хамгийн том хотхон нь Абердин гэж нэрлэгдэнэ. Уг хотхон уран барилгын хувьд бусад хотхон, тосгоноос ялгагдахгүй ч жуулчид ирж хятад үндэсний дуртай хоолоо захиалж идэж болдгоороо алдартай хоёр хөвдөг зоогийн газраараа цууд гарчээ. Хятадын хувьсгалын үед болон манжийн Цин угсааны хаадын ноёрхлыг унагаасан үед нутгийн хувьсгалчид англичуудын эерэг хэд хэдэн удаа бослого гаргасан ч бүтэлгүйтжээ. Хорьдугаар зууны гучаад оны дунд үед Шанхайд болсон хятадын оюутнуудын жагсаалыг английн цагдаа нар буудсанаас улбаалан Хонконгийн оршин суугчид бүх нийтийн ажил хаялт зарлаж эзэмшил нутгийн бүх амьдрал зогсонги байдалд орж байлаа. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үед япончууд арлыг эзлэж харгис хатуу дэглэм тогтоосон нь байдлыг өөрчилж английн дэглэм шудрага ёсны илэрхийлэл мэт санагдаж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Өрнөд, Дорнод нийлж хоёр өөр соёл иргэншил энх тайвнаар зэрэгцэн оршсон Зүүн-Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Хонконгийн орчин үеийн дүр төрх бий болжээ. Гэвч 1982 оны есдүгээр сард "төмөр хатагтай" М.Тэтчер Хятад улсад айлчлал хийх үед тус улсын удирдагч Дэн Сяопин "Шинэ газар нутгийн " түрээсийг сунгах буюу шинэчлэх ямар боломжгүй." гэсэн хариу өгснөөр Хонконгийн дээгүүр бараан үүлс хуралдав. Байдлыг ойлгосон төмөр хатагтай Хонконгийг аль болох удаан хугацаагаар дотоод өөрөө удирдах ёс, эдийн засгийн боломжийн хэрээр улс төрийн эрх чөлөөг хангах нөхцөлд хятадын удирдлагад шилжүүлэн өгөх саналыг хариу болгож Дэн Сяопиний "нэг улс-хоёр систем" гэсэн үзэл санааг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ. Энэ шийдвэрээ 1984 онд БНХАУ-Их Британий хамтарсан тунхаглалаар баталгаажуулж Английн сүүлчийн эзэмшил нутаг болох Хонконг 1997 оны долоодугаар сарын 1-ний өдөр Хятад улсын бүрэлдэхүүнд засаг захиргааны тусгай район болон хувиргах болжээ. Английн эзэмшил нутаг байсан Хонконгийн аж төрөх ёсыг тавин жилийн хугацаанд өөрчлөхгүй гэсэн амлалтыг Бээжин өгчээ. Хонконгийн оршин суугчид дээрх шийдвэрийг янз бүрээр хүлээн авав. Олон нийтийн санал асуулгаар, оршин суугчдын 40 хувь нь нэгтгэснийг сайшааж 35 хувь нь эзэмшил нутаг бие даасан улс болох ёстой, 20 хувь эзэмшил нутаг хэвээр байж улам цэцэглэн хөгжих нь зүйтэй гэж байв. Хонконгийг Хятадын мэдэлд шилжүүлэх ёслолын өмнөхөн Үзэсгэлэнгийн төвд том түймэр гарч олон нийтийн санал бодлыг ихэд зовоов. Тэрхүү ёслолд Английн үе залгамжлах хунтайж Чарльз, ерөнхий сайд Т.Блэр, БНХАУ-ын дарга Цзян Цзэминь, ерөнхий сайд Ли Пэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Олбрайт, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Е.Примаков нар ирж оролцжээ. 1997 оны зургаадугаар сарын 30-ны өдөр сүүлчийн амбан захирагч К.Пэттен Хонконгоос явж 19.09 цагт английн цэргийн гарнизоны штаб байрлаж байсан "Уэльсийн хунтайжийн Ордон" дээрээс нар жаргах агшинд Англи улсын далбааг буулгажээ. | |
|
Total comments: 0 | |